 |
|

Та бүхний бидэнд үзүүлсэн итгэл, хамтын ажиллагаанд гүн талархал илэрхийлье.
Амар Даатгал ХХК-ийн хувьд 2025 он нь тогтвортой өсөлт, бодит үр дүн, үнэ цэнийг эрхэмлэсэн он байлаа. Бид та бүхний итгэл, хамтын ажиллагаанд тулгуурлан эрсдэлийн хамгаалалтыг найдвартай хүргэж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэн нийт 60,000 харилцагчтай хамтран ажиллаж, 24,9 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлэн, гэнэтийн эрсдэлтэй тулгарсан 8,000 орчим харилцагчид нөхөн төлбөр олгож, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүллээ.
2025 онд компанийн хөрөнгийн хүрэлцээт байдал 287 хувьд хүрч, төлбөр гүйцэтгэх чадвар нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос тогтоосон шаардлагыг бүрэн ханган, зах зээл дэх найдвартай, тогтвортой даатгагчийн байр сууриа дахин бататгав. Энэхүү амжилт нь ажиллагсад, түнш байгууллагууд, төлөөлөгчид болон давхар даатгагчидтайгаа харилцан итгэлцэлд суурилсан, үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлсний бодит илэрхийлэл юм.
Бид байгууллагын засаглал, ил тод байдал, хариуцлагатай удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулж, олон улсын жишигт нийцсэн Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын бодлого, стандарт, удирдамжийг үйл ажиллагаандаа үе шаттайгаар нэвтрүүлэн, ногоон оффисын бодлого хэрэгжүүлэх, цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг өргөжүүлж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг чиглэсэн санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байгаа нь бидний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын салшгүй хэсэг билээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд бид ажилтнуудынхаа хөгжлийг дэмжих, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, аюулгүй, тогтвортой ажлын орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, харилцагч төвтэй соёлыг байгууллагын үнэт зүйл болгосоор байна.
Мөн 2025 онд харилцагчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор олон улсын ISO/IEC 27001:2022 мэдээллийн аюулгүй байдлын стандартыг бүрэн нэвтрүүлж, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бэхжүүллээ.
Цаашид бид сонирхогч талуудынхаа итгэлийг улам бататгаж, тогтвортой өсөлтийг бий болгохын зэрэгцээ нийгэм, эдийн засаг, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх бодит алхмуудыг тууштай хэрэгжүүлэх болно.
Та бүхний үнэтэй дэмжлэг, хамтын ажиллагаанд дахин талархал илэрхийлж, цаашдын амжилтаа хамтдаа бүтээхийг хүсэн ерөөе.
Удирдлагын баг
|